Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн” энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Энэхүү зөвлөгөөнд аймгийн ЭМГ, БОЭТ, ОБГ, ЗӨСҮТ, Хархорин сумын НЭ, ӨЭМТ зэрэг байгууллагуудаас эмч, мэргэжилтнүүдийн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ Тус зөвлөгөөнийг “Томуу, коронавируст халдвар (КОВИД-19)-ын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, тоон мэдээний чанарыг сайжруулах” зорилгын хүрээнд өвчлөлийн өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, цаашид баримтлах стратеги түүнчлэн улирлын томуу, томуугийн хүндрэлийн үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах чадавхыг сайжруулах” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Томуугийн улирлыг угтуулан 2019-2021 онд Томуугийн эсрэг 649,560 тун вакциныг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн болон 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амыг дархлаажуулалтад хамруулж байсан. Тэгвэл энэ жил 545,000 тун вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн сэргийлэлт ба тандалтыг ДЭМБ шинэ зөвлөмжийн дагуу хийхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гараад байгаа юм. Иймээс томуугийн дэгдэлтийн үед нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургамж бусад салбарын хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах, цар тахлын алдаа оноог томуутай тэмцэхэд ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлдлөө. Иргэд та бүхэн олон нийтийн газар маскаа зүүж, гараа угаах зэргээр томуу томуу төст өвчнөөс өөрийгөө сэргийлээрэй.