Хүн амыг эрт илрүүлэг үзлэг шинжилгээ оношилгоонд хамруулах ажил энэ оны 5-р сарын 1-нээс эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 6 насны ангилалд эрт илрүүлэг үзлэгийг хийж байгаа бөгөөд 0-17 насны хүүхдүүд сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-с дээш насныхан буюу насанд хүрэгчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий лавлагаа шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байгаа. Өвөрхангай аймгийн хувьд насанд хүрэгчдийн үзлэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Ариунсанаа, Ачтан-Ирээдүй, Чинмэнд гэсэн 5 эмнэлэг дээр хийж байна. 18-34 насны иргэд дээрх 5 эмнэлэгт хүлээгдэл, дараалалгүй үзлэгт орж байгаа 35-с дээш насны иргэд БОЭТ, Чинмэнд эмнэлгүүдэд улаан хоолой, ходоодны дурангийн аппаратны боломжтой хүчин чадлаас шалтгаалан өдөрт 20-25 хүн буюу тодорхой дарааллын дагуу үзүүлж байна. 2022 оны 11-р сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээнд нийт 18763 иргэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаас 51,4 хувь нь эмэгтэй, 48,5 хувь нь эрэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл: 0-5 насны 3279 6-17 насны 9954 18-30 насны 2815 31-45 насны 1121 46-60 насны 1057 61-с дээш насны 537 иргэн тус тус хамрагдаад байна. Илэрсэн өвчлөлөөр авч үзвэл: 0-17 насанд шүд цоорох, хараа муудах 18-30 насанд шээс бэлгийн тогтолцооны эмгэг 31-с дээш насанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг тэргүүлж байгаа бөгөөд үүн дотроо: ходоодны үрэвсэл, улаан хоолойн сөөргөө, анхдагч даралт ихсэх өвчнүүд зонхилон илэрч, өвчтэй илэрсэн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрсэн иргэнд өөрт нь зөвлөгөө мэдээлэл өгч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд авч, шаардлагатай тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлэх цаг товлож, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээг авч байна.