‘’Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах‘’ зорилтот жилийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар хамтран ‘’ЭРҮҮЛ ОРЧИН-ХОТЫН СОЁЛ’’ сэдэвт онол практикийн бага хурлыг 2022 оны 11-р сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Онол практикийн бага хурал хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг судлах төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, эерэг хандлагатай соёлч боловсон, зөв дадалтай иргэн, хамт олон байх, хотын соёлыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдсан юм.

Энэ хүрээнд шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, 1-р шатанд нийт 25 илтгэл оролцон, 2-р шатанд шалгарсан 13 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс

Тэргүүн байр: Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Ганцэцэг, Б.Оюунчимэг нарын “Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээ ба донтолтыг судлах нь”,

Дэд байр: Тэмүүлэл эрдэм сургуулийн багш М.Батдулам нарын “Цаасан хогийг багасгахад бидний оролцоо”,

Гутгаар байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш О.Батболд нарын “Хуруу зайны хэрэглээний хор уршиг”,

Тусгай байранд: “Нарны дөш” ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан У.Оюунсүрэн, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн багш Б.Мягмаржав нарын “Өсвөр үеийнхний утаат болон электрон тамхи согтууруулах ундааны хэрэглээний байдал, хор уршгийн талаарх тэдний мэдлэгийг судлах нь”,

Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Шоовдор, арга зүйч Б.Даваадулам нарын “Зөв дадал-Ногоон хэрэглээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, мөнгөн шагналын эзэд боллоо.

Илтгэлийнн уралдаанд оролцсон бүх судлаач нартаа талархал дэвшүүлж, ажил, хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.