СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ЭМЧ НАРТАЙ БОЛЛОО

Аймгийн БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Б.Амбасэлмаа, Эрчимт, мэдээгүйжүүлэгч эмч Д.Мөнхнасан нар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төрөлжсөн мэргэшлээр Гуравдугаар төв эмнэлэгт эмнэлзүйн сургалтын нэг жилийн хөтөлбөрийг бүрэн дүүргэлээ.

Ингэснээр аймагтаа тархи, зүрх судасны ангиографийн оношилгоо, эмчилгээ хийх боловсон хүчнээр хангагдаж байгаа юм. Эмч нар өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалтай иргэдэд оношилгоо, эмчилгээг хийж эхлээд байна.

Өнгөрөгч 3 дугаар сард ЭМЯ-ны 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг аймгийн БОЭТ-д суурилуулсан.

Энэ үеэр Улсын 3 дугаар төв эмнэлгийн мэргэжлийн баг аймгийн эмч, мэргэжилтнүүдийн дадлагажуулан ажиллах үедээ зүрхний хурц шигдээсээр сэхээн амьдруулах тасагт ирсэн иргэний амь насыг тус аппаратны тусламжтайгаар аварч байсан юм.