ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЭТ-ИЙН УДИРДЛАГУУД ГССҮТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДАЛЛАА...

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагын баг ажиллаж 2-р сарын 13-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах: “Өвөрхангай аймгийн БОЭТ нь ГССҮТ-тэй байнгын хамтын ажиллагаатай байгууллага. Орон нутагт хэрэгжүүлэх анхны төсөл маань тус аймгаас эхэлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон яаралтай үед үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд орон нутагт бүртгэгдэх осол гэмтлийн тохиолдол буурч, тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн нь бий.

Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт нь хүний нөөц, орон нутгийн онцлог, газар зүйн байршил зэрэг олон зүйлээс хамаарч харилцан адилгүй хэрэгжиж байгааг салбарын сайд онцолсон. Тиймээс санхүүжилтийн шинэчлэл рүү шилжих үйл явцад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарах бэрхшээлийг зөв тооцож, суурь бэлтгэлтэй байх нь хамгийн чухал юм. Эрүүл мэндийн салбарын гол зорилго бол хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг аврах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг.

Тэгвэл эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжсэнээр тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ажлын гүйцэтгэл нэмэгдэхээс гадна байгууллагын хөрөнгө оруулалт, ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, орчин нөхцөлийг сайжруулах давхар боломж бүрдэж байна. Тиймээс та бүхэн маань өөр өөрсдийнхөө чиглэлээр туршлага судалж, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн БОЭТ-ийн удирдлагын багт амжилт хүссэн юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, сэлгэн ажиллуулж чадавхжуулах, тусламж үйлчилгээний чиглэлээр ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулах, менежментийг сайжруулахад зөвлөн туслах зорилтын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Эх сурвалж: ГССҮТөв.