Аймгийн БОЭТ-ийн удирдлагын багийн хамт олон ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2023 оны 02 дугаар сарын 13-ний өдөр аймгийн БОЭТ-ийн удирдлагын багийн 22 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Туршлага солилцох үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа тус төвийн тухай ерөнхий танилцуулга, эмнэлзүйн практик- сургалт- эрдэм шинжилгээний гурвалсан нэгдлийг ханган ажиллаж буй байдал, хүний нөөцийн хөгжил, эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй шинэчлэл (KPI – үнэ цэнэ, бүтээмжийн урамшуулал), 2022 оны ололт амжилт, хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийн хөгжил дэвшил зэрэг байгууллагын ололт амжилтын талаар танилцуулга хийжээ. Тэрээр танилцуулгадаа хүүхдийн нүдний торлогийн эмгэгийн мэс засал, ургаас урагт цус юүлэгдэх хамшинжийн лазер эмчилгээ, урагт цус сэлбэх эмчилгээ зэргийг 2022 онд тус төвд хийснээр өндөр хөгжилтэй оронд эмчлүүлдэг байсан зарим эмгэгийг өөрийн орны нөхцөлд эмчлэх боломжтой болсныг онцлон тэмдэглэсэн байна.

БОЭТ-ийн удирдлагын багийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэлхийн жишигт хүрсэн тохижилттой Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрүүл мэндийг дэмжих төв, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн Пренаталогийн баг, үр хөндөлт, цахим бүртгэлийн үйл ажиллагаа, Хүүхдийн эмнэлгийн Өсвөр үеийн клиник, Хүүхдийн зөвлөх поликлиник, төвийн Сувилахуйн алба, Мэдээлэл технологийн тасаг, Статистик мэдээлэлзүйн тасаг, Эдийн засаг, санхүүжилтын тасаг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны үйл ажиллагаатай тус тус танилцан, туршлага судалсан байна..

Цаашид ЭХЭМҮТ-өөс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний чиглэлээр ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулахаар зөвшилцөлд хүрчээ.