2023 ОНЫ 5 САРЫН 29-НЫ ӨДРӨӨС ОРОН ДАЯАР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172,653 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөл (59,634)-өөс 3 дахин их бүртгэгдсэн бол 2023 оны эхний 4 сарын байдлаар дэлхийн 131 улс оронд улаанбурхан өвчний 62,642 тохиолдол бүртгэгдээд байна.

Манай улсын хөрш болох Оху-д улаанбурханы онош батлагдсан тохиолдол 2022 онд 114, 2023 оны эхний 4 сард 761 бүртгэгдэн дэгдэлт үргэлжилж байна. Оху-ын буриадын хиагт дүүрэгт улаанбурханы дэгдэлт 2023 оны 3 сараас бүртгэгдэн нийт 5 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаас бусад оронд зөөвөрлөгдөж хүн амын дунд богино хугацаанд томоохон дэгдэлт үүсгэх эрсдэл өндөр хэвээр байна.

Монгол улсад Улаанбурханы эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012, 2015, 2016 онууд болон 2019 онд 6 сараас 30 насны хүн амыг нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2019 онд улаанбурхан өвчний 2 тохиолдол хамгийн сүүлд бүртгэгдэж 2020-2023* оны эхний 4 сарын байдлаар өвчлөл бүртгэгдээгүй байна.

Иймээс улаанбурхан, улаанууд өвчний болзошгүй дэгдэлт, үүдэн гардаг хүндрэлүүд, төрөлхийн улаануудын хам шинжээс урьдчилан сэргийлэх зорилгоор улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцинаар 8 сартайгаас 8 настай хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Иймд иргэд та бүхэн 10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ өөрт ойр байрлах өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакциндаа идэвхтэй хамруулаарай.