Аймгийн Засаг даргын 2024 оны А/258, А/717 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, намрын ээлжит цэрэг татлагын үзлэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нарны дөш, Түшигдөлгөөн, Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 9-р сарын 29-нд зохион байгууллаа. Цэрэг татлагын үзлэгийн ерөнхий эмчээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан ажиллаж, үзлэгийн багт дотор-уушиг, мэдрэл-сэтгэц, мэс засал-гэмтэл, халдварт, нүд, чих хамар хоолой, шүдний нарийн мэргэжлийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс тус бүр 7-8 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 351 цэргийн насны залуучуудад үзлэг, оношилгоо хийлээ. Эрүүл мэндийн газраас асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж, үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, зохицуулалт, залуучуудын эрүүл мэндийн мэдээллийг бүртгэж, дүн шинжилгээ хийх, эрүүлжүүлэх зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг ажлуудыг цэрэг татлагын комисс, үзлэгийн багтай хамтран хийж гүйцэтгэлээ. Үүнд: Хепатитын В, С вирус болон БЗДХ илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн оношлуураар 304 залуучуудад хийж, В вирусын 4, С вирусын 1 халдварын тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулах, эмчилгээ, хяналтын зөвлөгөөг өглөө. Сүрьеэ өвчнийг илрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуумжийг үзлэгт хамрагдсан 208 залуучуудаас ЭМС-ын 2024 оны А/38 дугаар 8-р хавсралтаар батлагдсан асуумжаар авч, үнэлэхэд эрсдэлтэй тохиолдол бүртгэгдээгүй. Артерийн гипертензи илрүүлэх үзлэгээр артерийн даралт ихсэлтийн 12 тохиолдлыг илрүүлж, онош баталгаажуулах, эмчилгээ, хяналтын зөвлөгөө өгсөн. Мөн цэрэг татлагын үзлэгт хамрагдсан залуучуудаас “Хүн амын нас, хүйс, эрсдэлд суурилсан эрт илрүүлгийн /18-30 насны/ үзлэгт 223 залуучуудыг хамрууллаа. Үзлэгийн үеэр халдварт ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, 176 залуучуудыг хамруулан 7 төрлийн зөвлөгөө, санамжаар хангасан. Үзлэгт хамрагдсан залуучуудын дунд гэмтлийн дараах үлдэц, дотрын өвчлөл, үүнд зүрх судасны эмгэг, шүдний өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Өвчлөлийг эрүүлжүүлэх календарчилсан төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүр тооцон ажиллахаар ажиллаж байна. Цэрэг татлагын үзлэг 10-р сарын 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.