Томуу томуу төст өвчний харуулдан тандалтын 5-р долоо хоногийн тойм мэдээ /01.27-01.31/ Өвөрхангай аймгийн хэмжээнд 01.27-01.31-ны өдрийн байдлаар томуу, томуу төст өвчлөл 10.000 хүн амд 44.1 буюу өмнөх долоо хоногоос 0.08 нэмэгдэж Идэвхжилийн түвшинд байна. Нийт амбулаторийн үзлэгийн 10910 буюу 4.67%-ийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байна. Томуу томуу төст өвчтэй амбулаториор үйлчлүүлэгсдийн хувь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.07%-иар буурсан, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,1%-иар нэмэгдсэн байна. Томуу, томуу төст өвчлөлийн 75.2%-ийг 15 хүртэлх насныхан, үүнээс 66.6%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Томуу, томуу төст өвчтэй 5 хүртэлх насны хүүхдүүдийн эзлэх хувь өмнөх долоо хоногоос 4.7%-иар нэмэгдсэн байна. 02 сарын 03-ны байдлаар Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 44, үүнээс 77.5%-ийг 15 хүртэлх насныхан, 73.6%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногийн 5 хүртэлх насны хүүхдийн үзүүлэлтээс 5.4%-иар нэмэгдсэн байна. АЗЦХХ-аар хэвтэн эмчлүүлсэн 0-15 насны хүүхдүүдийн 87.7% нь БОЭТ, Хархорин нэгдсэн эмнэлэгт, 12.3% нь сумын эрүүл мэндийн төвүүдэд хэвтэн эмчлүүлсэн байна. Иймд: Томуу, томуу төст өвчний үед байгууллагууд ажилчдын дархлааг дэмжих, дасгал хөдөлгөөнийг тогтмол цагийн хуваарийн дагуу хийх; Байгууллагууд агаар сэлгэлтийг 2 цаг тутамд 10-15 минутын турш тогтмол хийж хэвших; Ажлын байрны цэвэрлэгээ халдваргүйтгэлийг өдөрт 2-3 удаа хийж хэвших; Гарын ариун цэврийг сахиулж, 20 секунд савандаж угаах дадалтай болох; Амны хөндий, залгиур хоолойг сода, давсны уусмалаар өдөрт 5-7 удаа зайлж 10 хоног завсарлан үргэлжлүүлнэ; Халуун бүлээн зүйл хангалттай ууж хэвших; Олон хүнтэй үйлчилгээний газраар үйлчлүүлж буй хүмүүст амны хаалт зүүх; Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гэрийн дэглэм сахиулах; Амин дэмээр баялаг, илчлэг, уураг, антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх,бага насны хүүхдүүдэд халуун бүлээнээр нь уулгах; Ам хамрын хөндийг байнга цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийж, тогтмол цагт унтаж хэвшихийг зөвлөж байна.