Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудаас гарч буй эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор дээрх хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн газар дээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт: • Эрүүл мэндийн газар • Аймгийн Засаг даргын Тамгын газар, • Арвайхээр сумын Засаг дарга, холбогдох мэргэжилтэн, • Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, • Арвайхээр сумын 3 өрхийн эрүүл мэндийн төв, • Хувийн хэвшлийн эмнэлэг болон шүдний тусламж үйлчилгээ үзүүлж буй клиникүүд, • Эм холбоо Өвөрхангай аймаг дахь салбар, • Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд: Цаашид байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, зарим асуудлуудыг хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэлээ.